МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Монголчууд 3.5 км төмөр замыг ганц сарын дотор барилаа

Замын-Үүд боомт Хятадын Эрээний хооронд хоногт 12 хос галт тэрэг 1320 вагон явуулдаг байна. Харин энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж эхэлжээ. Өнгөрсөн аравдугаар сард УБТЗ-ын монгол ажилчид тус өртөөнөөс Хятадын хил хүртэл 3.5 км төмөр замыг ганцхан сарын хугацаанд барьж дуусгаад байгаа юм. Хятадын талыг энэхүү шинээр барьсан замтай холбох юм бол хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 24 хос галт тэрэг буюу

2640 вагон Замын-Үүд Эрээний хооронд явна гэсэн үг. Эл хоёр өртөөний хооронд өргөн царигаар таван хос, нарийн царигаар ачааны хоёр хос галт тэрэг солилцох хүчин чадалтай. Өөрийн хөрөнгө оруулалтаар монголчуудын барьж дуусгаад буй энэхүү шинэ төмөр замтай ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УБТЗ-ын удирдлагууд болон бусад албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцаад ирлээ.

 

ЗТБХБ-ЫН Сайд Х.Баттулга: Хөгжлийн банк хөрөнгийг нь шийдээд өгсөн бол үүнээс ч ихийг хийж чадахыг харууллаа

-Замын-Үүдээс Хятадын хил рүү хос төмөр замтай болох ажлын эхлэл тавигдлаа?

-УБТЗ-ын хөрөнгө, хөдөлмөрөөр 3.5 км төмөр зам баригдаж дууслаа. Маш богино буюу сар орчмын хугацаанд төмөр замаа бариад дууссан. Хятадын талаас явах төмөр зам барих ажлаа 2012 оны төлөвлөлтдөө оруулна гэсэн. Төмөр зам барихад маш хэцүү гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Тэгвэл бид төмөр замаа өөрсдөө барьж чаддаг гэдгийг үүгээр харуулж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард холбогдох тогтоол, шийдвэрүүд нь төр засгийн зүгээс гарсан. Есдүгээр сар гэхэд ажил эхлээд аравдугаар сард 3.5 км төмөр зам барьж дуусгасан. Нийт 2.8 тэрбум төгрөгөөр энэ замыг барьсан. Хөрөнгийн хувьд нэлээн хэмнэлттэй байсан. Рэйлс төмрүүдийг гадаадаас аваагүй. УБТЗ-д байсан болон өөрсдийн хөрөнгөөр рейлс төмрөө тавьсан. Хөтлийн бетон дэрний үйлдвэрт бетон дэрнүүдээ үйлдвэрлэсэн. Даланг мөн чанар сайтай хийсэн байна. Шинэ бүтээн байгуулалт, шинэ төмөр замд хөрөнгө мөнгийг нь Хөгжлийн банк шийдээд өгсөн бол энэ байтугай зүйл хийж бүтээж чадна гэдгийг харуулж байгаа юм. Замын-Үүд бол эдийн засгийн хамгийн том хөдөлгөөн үүсдэг цэг. Гэтэл хамгийн их хоцрогдсон бүс болчихсон. Эрээнээс хамааралтай болчихсон учраас цаашид орж гарч буй хүмүүс, ачаа барааг анхаарч үзэх дүр зураг харагдаж байна.

-Хятадын талаас барьж, манай барьсан шинэ төмөр замтай хэзээ гэхэд холбогдсон байх ёстой юм бол. Энэ талаар дурдсан хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл байдаг уу?

-БНХАУ-ын Төмөр замын яамтай нэлээн олон хэлэлцээр, Санамж бичиг байгуулсан. Жишээ нь, шинээр зургаан боомт хоорондоо төмөр замаар холбогдоно. Энэ ажлыг нэлээд идэвхтэй явуулах саналуудаа манай зүгээс тавьж байгаа.

Үндсэн цэс

Вэб сайттай холбоотой асуудлаар